Төв Азидаа анхдагч бөгөөд цорын ганц авангард кинонд зориулсан кино наадам болох Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадам 3 дахь жилдээ 6 сарын 6, 7-нд зохион байгуулагдах гэж байна. Монголоос кино бүтээлүүд хүлээж авах хугацаа 5 сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.
Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Алтан хальс холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар оржээ.
Мөн дэлхийн авангард кино урлагийн эн тэргүүний уран бүтээлчид болох Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер нар ирж киногоо толилуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж уралдаант хэсгийн бүтээлүүдийг шүүх юм.

Найруулагч Петер Черкасски “Чамин цогц” киногоо өдийд зохиогдож буй Каннын кино наадмын “Найруулагчдын хоёр долоо хоног 2015” хэсэгт нээж байна. Энэхүү “Чамин цогц” кино нь Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадмын нээлтийн кино болж буй нь уг киноны Ази тивийн нээлт болох юм.
Олдмол материал ашиглан сор бүтээлүүд туурвигч Петер Черкасски ийнхүү 3 дахь удаагаа дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам Каннд киногоо нээж байгаа хэрэг юм. Өмнө нь Каннын кино наадмын Найруулагчдын 2 долоо хоног хэсэгт 2002 онд CinemaScope трилоги, 2005 онд “Дуу, дүрсний төхөөрөмжид өгөх заавар “ тус тус шалгарч нээлтээ хийж байсан ажээ. 2010 онд мөн түүний “Кино сурталчилгаа” бүтээл нь Венецийн кино наадмын шилдэг богино хэмжээний киноны шагналыг хүртэж байсан билээ.
Мөн Австрийн sixpack film хэмээх дэлхийд алдартай дистрибьюторын дэмжлэгээр Алтан хальс кино наадмаар Австрийн авангард кино урлагийн төлөөллүүд болох Курт Крен, Зигфрид Фрухауф, Аскан Бройер, Райнер Гамсяагер нарын 7 уран бүтээлчийн богино киног “Байгалийн үзэмжийг өөрөөр тольдохуй” хөтөлбөрийн хүрээнд толилуулах юм.
Уралдаант хэсэгт түрүүлсэн бүтээлүүдэд дараах 5 шагналыг олгоно:
Golden Reel Award - Алтан хальс шагнал (Алтан хальс цом, 1.000.000₮)
Бүтээлийг Австрали дахь Монголын элчин сайдын яам дэмжин Мельбурнийн андерграунд кино наадмын (MUFF) сонголтын хороонд илгээж өгөх болно.
Special Jury Prize - Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал (500.000₮)
Reel Deal Award
Шилдэг хүүрнэлт бус кино (500.000₮)
Шилдэг хүүрнэлт кино (500.000₮)
Шилдэг хүүхэлдэйн кино (500.000₮)
Мэдээллийн эх сурвалж news.mn
Categories:
0 comments:
Post a Comment