Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд
сургуулийн найм дахь төгсөлтийн баяр, хаврын шиврээ бороотой зэрэгцэн эхэллээ. Хэдийгээр
наймдахь төгсөлтийн хавар боловч энэ жил Сэтгүүлч дээд сургуулийн 10 жилийн ой
тохиож байгаа юм. Арван жилийн ойн босгон дээр ёслолын хувцас өмссөн 22 төгсөгч
сургуулийн хаалгаар гарч ирэв. Тэднийг эцэг эхчүүд, дөрвөн жил номын дуу
сонсгосон багш нар нь нүдэндээ нулимстай угтан авснаар нээлт эхэлсэн билээ. Нээлтийн
жаврыг үргээж хувцаслалт, үсний засалтаараа Монгол төрхийг харуулж чадсан
Ж.Алтанбагана хуурийн эгшгээр цугласан олныг баярлуулсан билээ.
Сэтгүүлч дээд сургуулийн захирал Л.Баярдалай “Энэ жилийн
төгсөгчид маань их азтай байна. Хавар болгон төгсөлтийн баяр болдог ч шиврээ
бороотой эхэлсэн баяр цөөн байх. Хувьтай хүн, хур борооноор гэдэг шүү дээ.
Манай сургуулийн арван жилийн ой дээр төгсөж буй оюутан залуус маань хэвлэл
мэдээллийн салбарт чөлөөт, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг
оюунаа дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн төгсөгчдөдөө баяр
хүргэлээ.
Мөн өнөөдрийн баяр дээр сургуулийн хоёр дугаар курсийн
оюутан С.Баянзул монгол бүжгээр төгсөгч ах эгч нартаа мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрээр Бүжиглэлт хийгээд хувцасаараа монгол баатрын дүр төрхийг илтгэнэ. Түүнийг
харсан гуравдугаар курсийн оюутан Г.Бөхбат “Баянзул ч өнөөдөр урлагийн наадам
дээр бүжиглэсэнээсэ илүү харагдаж байна. Сургуулиа төгсөж буй ах, эгч нар нь ч
баярлаж алга ташалтаар урам өгч байгаа нь биднийг нэг хүн мэт болгож чадсан энэ
сургуулийн ач гэж би хувьдаа бодож байна. Дээш үсэрч өвдөг дээрээ буухаар нь
өмнөөс нь хөл өвдөх юм” гээд инээмсэглэн ярьж байлаа.
Хаврын тэнгэр ч ашаа хэд хэд хувирган шиврээ бороо, үүлэн
чөлөөний нараар төгсөлтийн баярыг ээж байв. Энэ үеэр SBN телевизийн
мэдээний албаны продюссер Ц.Цэрэндолгор “Сэтгүүлч дээд сургуулийн оюутнууд ёс
зүйн алдаа гаргадаггүй, техникийн мэдлэг өндөр, үг үсгийн алдаагүй зөв
найруулан бичих чадвараараа бусад сургуулийн оюутнуудаас ялгардаг. Тиймээс одоо
төгсөж буй оюутан залуус дээрх шаардлагыг хангасан тохиолдолд манай телевизийн
үүд хаалга нээлттэй” гэлээ.
Сэтгүүлч дээд сургуулийг энэ хавар 22 оюутан төгссөнөөс
З.Батхуяг, С.Өсөхбаяр, Б.Энхзул нар улаан диплом авч эцэг эхээ гэр бүлээ давхар
баярлуулан, анги хамт олноо тэргүүлсэн юм. Жил бүрийн хавар төгсөлтийн баяр
дээр эгшиглэх “Урьхан цэнхэр хавар” дууг Сэтгүүлч дээд сургуулийн гуравдугаар
курсийн оюутнууд хамтран дуулж нийт төгсөгчдөдөө ая дуугаар мэндчилэв. Нүдэндээ
баярын нулимас тодруулан ангийнхаа нөхдийн гараас чанга атган зогсох төгсөгч
Б.Золзаяаг харсан оюутнууд “Дөрвөн жил жаргал зовлонгоо хуваалцан нөхөрлөсөн,
найзуудаасаа энэ л өдөр холдоод явах хэцүү санагдаж байгаадаа” хэмээн ярилцан
зогсоно.
Дурсгалын зургаа татуулсан төгсөгчид малгайгаа дээш
шидэн,
Сараар холдвол үгйлэн үгүйлж
Санаж зүүдлээд ирдэг байсан
Онгон зүрхнийхээ тольтоо нээсэн
Оюутан ахуйн нөхдөө мартахгүй гэж дуугаа аялсаар дурсамж
хичээлдээ яаран ангируугаа гүйлдлээ.
0 comments:
Post a Comment